Буратино зохиолын2-р хэсгээс
Намайг үхчихээр миний шар үстэй хүүхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэр болж тоглодог юм. Хажуу айлын хүүхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас өөр юм мэдэхгүй л дээ. Айгүй л бол хүүхэлдэйг минь айлгачихна. Түүнийг айлгахаар нүд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хүүхэлдэй айгүй гоё урт сормуустай том нүдтэй шүү. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу? Одоо би унтаад өгвөл маргааш өглөө диваажинд сэрж ч магадгүй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би өглөө болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий өдөр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургүй. Унтсаны оронд тоглосон нь хамаагүй гоё байхгүй юу, даанч багш нар ойлгохгүй л дээ. Өдөржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгайтай чихэр өгдөг бол бүр гоё. Тэгвэл би нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь эмээдээ авчирч өгөхгүй юу. Одоо ч гэсэн би багшийн өгсөн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд үлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ. Бодоод байсан чинь үхэх муухай юм байна. Намайг үхчихвэл эмээ өвөө, ээж аав, дүү эд нар яах болж байна аа? Бас миний хөөрхөн хүүхэлдэй ганцаараа хоцорно. Ер нь л би үхэж болохгүй юм байна. Яах гэж өнөөдөр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь үхдэг гэж мэдсээр байж… Шөнө ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би үхчихнэ шүү дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг түүж идэх гэж зөндөө хичээсэн юм, даанч мэдэлгүй хоёр яс залгиад хаясан. Одоо яана аа? Буцаагаад гаргачихаж болохгүй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад үхсэн бол… яана аа, нүдээ тас аниад л унтаад өгөхөөс… маргааш битгий болоосой!